Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч, салбартаа 17 жил ажилласан туршлагатай Стефен Дендтлерийг өнгөрсөн сард манай улсад зочлон ирэхэд нь бид ярилцсан юм. Австралид 25, нийт 60 орчим ажилтантай тус компани дэлхийн 10 гаруй оронд буй 22 дата төвөөрөө дамжуулан үүлэн тооцооллын технологид суурилсан интернэтийн дэд бүтцийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Магадгүй та бидний ашигладаг зарим имэйл ч тус компанийн технологид суурилсан байж мэдэх юм.
Байршил: Австрали
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: “RackCorp” компанийн үүсгэн байгуулагч, захирал
Хэрэглэдэг лаптоп: Macbook Pro 13
Сошиал хуудсууд: Stephen Dendtler (Linkedin)
ТА АЖЛАА ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Сүүлийн үед би асуудлуудыг ангилдаг ажил хийдэг болоод байгаа. Өдөр бүр л миний хувьд өөр байдаг. Бусад хүмүүс шиг тийм олон дадалтай биш. Өдөр имэйлээ шалгахаас л эхэлнэ дээ. Би ажил руугаа 11 цагийн үед явдаг. Тэгээд л өөр өөр зүйл дээр ажиллаж, өөр өөр хүмүүстэй уулздаг.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Хамгийн их ашигладаг зүйл бол имэйл. Өдөрт олон имэйл авдаг, нэлээд цагаа ч зарцуулдаг. Гар утас мөн тун чухал. Би Blackberry хэрэглэдэг юм. Аппликэйшнүүдэд нь дуртай. Whatsapp-ийг багийн харилцаанд ашигладаг.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би аль болох уулзалт, хурлаас татгалздаг. Хүмүүст асуудал байвал имэйлдэхийг хүсдэг. Ихэнх хурлууд дээр өнгөрсөн хурал дээр юу яригдсан талаар л хэлэлцдэг шүү дээ. Ихэнхдээ 6-8 хүн хурал, уулзалтад байж таардаг ч үнэндээ 5-6 нь огтхон ч тэнд байх шаардлагагүй байгаад байдаг юм. Тэгэхээр имэйл л миний цагийг хэмнэдэг дээ.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Дэвтэр биш цахим төхөөрөмжүүд дээр л хөтөлнө дөө. Календарь байна, имэйл байна. Би хийх зүйлээ өөр рүүгээ имэйл явуулаад сануулчихдаг юм. Хүмүүс ч гэсэн миний ажлын жагсаалтад юм нэммээр байвал имэйл явуулах хэрэгтэй байдаг. За тэгээд тухай өдөр хийхээр жагсаасан зүйлсээ гүйцээж байж л гэр рүүгээ зүглэнэ дээ.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Намайг стрессээ удирдахдаа сайн гэдэг юм. Аргагүй л дээ. Би бараг стрессдэггүй гэж хэлж болно. Манай компанийнхан над дээр ирээд стрессээ яаж давах вэ гэж асуудаг. Би тэднээс хамгийн сүүлд хэзээ юунд стресстсэнийг нь асуугаад, одоо тэр асуудлынхаа талаар юу гэж бодож байна гэж асуудаг. Тэгэхэд тэд ихэнхдээ л одоо огт хамаагүй болсон, мартсан гэдэг юм. Ийм л учраас удахгүй наад асуудал мартагдана, зүгээр л урдах ажлаа сайн хий гэж хэлдэг. Тэд ч дараа нь таараад, зөвлөгөө үнэхээр хэрэг болсон шүү гэдэг.
Гэртээ бол гараар юм засаж янзлахдаа дажгүй шүү.
ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай салбар өрсөлдөөн их шүү. Хэдэн тэрбум долларын маркетингийн төсөвтэй Майкрософт зэрэг компаниудтай өрсөлдөх шаардлагатай болдог. Тэгэхээр бид хүмүүст тэдний бүтээгдэхүүнээс манай бүтээгдэхүүн илүү шүү гэж итгүүлэх ёстой болно.
Эерэг сайн тал нь гарааны бизнесийнхэнтэй ажиллах явдал байдаг. Тэдэнтэй ажиллах сонирхолтой, сэтгэл хөдлөм байдаг. Бидэн дээр ирээд “Ийм санаа байна, та бүхэн бидэнд зорилгодоо хүрэхдээ тусалж чадах уу?” гэдэг. Тэгээд л тэдэнтэй сууж, ярилцаж зөвлөлдөнө дөө. Мэдээж хэрэг технологи тэднийг зорилгодоо хүрэхэд гол нөлөө үзүүлэх зүйл.
ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Хийж буй ажлуудаас одоогоор хамгийн сонирхолтой нь Монгол л байна даа. Би Монгол руу бизнесийн шинэ боломж эрэлхийлж ирсэн. Гэхдээ ямар нэг хүлээлтгүй ирсэн л дээ. Ирээд үзтэл Монголд компаниуд үүлэн технологийн үйлчилгээ рүү ихэд анхаарал хандуулж, шилжиж эхэлсэн нь тдорхой байна. Энэ технологийн хөгжлөөр Монгол зарим орнуудаас нэлээд хоцорсон. Цөөн жилийн дотор гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөнө гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ бид Монголтой түншилбэл манай үйл ажиллагаа явуулах 23 дахь орон болох юм. 23 миний дуртай тоо. (инээв)
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?
Ажлаа хийж байхдаа хөгжим сонсдог. 1950-аад оны хөгжмөөс эхлээд тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан Spotify дээр төрөл бүрийн хөгжим сонсдог. 90-ээд оны хөгжим хамаг дурсамжийг минь сэдрээдэг. 2pac-ийг ч нэрлэж болж байна.
ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Нэг их ном уншиж чаддаггүй юм аа. Ном эхлүүллээ гэхэд дуусгаж чаддаггүй болохоор өөртөө бухимдаад байдаг юм. Нийтлэл бол харин их уншина шүү.
ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Би илүү дотогшоо талдаа хүн. Асуултын хариуг хүмүүс өөрсдөө олж мэдэж чадахаар тохиолдолд би тэдэнтэй уулзахыг хүсдэггүй. Би ер нь энгийн асуултуудад дургүй талдаа.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Яг тогтсон дэглэм гэж байхгүй дээ. Залуу байхад бага унтдаг байлаа. 48-70 цагаар ч унтахгүй явдаг байсан. Гэхдээ энэ нь муу л даа. Одоо бол унтах цагаа зохицуулах хэрэгтэй байж л гэж боддог.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Миний амьдрал ажил, гэр бүл гэсэн 2 зүйлд л хуваагддаг гэж болно. Нэг бол ажлаа хийнэ, үгүй бол эхнэртээ цаг зориулна. Өөртөө нэг их цаг гаргаж чаддаггүй юм. 3, 4 сар тутамд харин нэг удаа гольф тоглодог.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Хүмүүс энтрепренерүүдээс эрч хүч, урам зориг авах нь их байдаг. Миний хувьд бол өөр. Би санаа, консепт гаргахын төлөө бус, мөнгөний төлөө явдаг хүмүүст нэг их дуртай биш. Манай салбарт ийм хүмүүс олон байдаг л даа. Би ямар нэг зүйлийг барьж аваад, сайжруулаад, түүнээсээ мөнгө олдог хүмүүсээс урам зориг авдаггүй. Харин юмыг бүр анхнаас нь, оргүй хоосноос нь босгож бүтээдэг хүмүүсээс урам зориг авдаг юм. Тэдний билиг оюун нь бишрэм санагддаг.
Тэгэхээр зохион бүтээгч, шинийг санаачлагч л бол цаг хугацаанаас үл хамааран тэдний талаар унших, үзэх дуртай. Жишээ нь Грэйс Хоппер байна. Энэ эмэгтэй програмын хэлийг зохиосон анхдагчдын нэг. Олон хүн түүний талаар сонсоогүй байх. Гэвч тэр байгаагүй бол хүмүүсийн эшлэх дуртай Билл Гэйтс, Стив Жобс нар төрөхгүй байх байсан биз. Ийм л хүмүүс надад “Хөөх” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг юм.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Танд тулгарч байгаа бүх л асуудал бэрхшээл бол сайн зүйл. Асуудал бэрхшээл гэдэг өөрөө сайн шийдлийг бий болгож байдаг. Ялангуяа бизнесийн салбарт шүү. Үүнийг анхны захирал маань надад хэлж байсан юм. Тухайн үед маш ухаалаг тэр хүн нас өндөр болсон байсан.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
Муу залуу юм уу муу бүсгүй битгий байгаарай. Энэ хорвоод амжилт олохын тулд худал ярьж, хууран мэхлэхэд бэлэн хэтэрхий олон хүн бий. Та ийм хүмүүстэй өдөр бүр л таарна. Гэхдээ ийм хүмүүс бусдаас мөнгө салгаж чаддаг байлаа ч магадгүй 5 жилийн дараа бүхнээ алддаггүй юм гэхэд хүмүүсийн итгэлийг алдсан байдаг. Урт хугацаанд ийм хуурмаг байдал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Хэдий зөв зүйлийг хийх, хүмүүсийн хийгээд байгаа зүйлийг хийх хоёрын хоорондын ялгаа тийм амар мэдэгддэггүй ч магадгүй 10 жилийн дараа та хүмүүсийн итгэлийг олсон байх болно. Үнэт зүйл, зарчим барьж яваад амжилт олоход удаан ийм удаан хугацаа шаардагдаж болно. Гэхдээ битгий “муу гар” байгаарай.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Зохион бүтээгч хүнийг санал болгоё. Тийм хүмүүс яаж ажилладаг, асуудалд яаж ханддаг нь байнга сонирхол татдаг юм. Тэднээс олон зүйлийг асуумаар санагддаг шүү.
Гэрэл зургийг Х.Хантүшиг (Instagram)
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа тус нийтлэлийн эх сурвалж болох editor@unread.today рүү бичээрэй.