Бидэнтэй холбогдох : + 976 7016 0055

Монголд интернэт нэвтрүүлсэн түүх

Өдгөө Монгол Улсад интернэт нэвтэрсний 26 жилийн ой тохиож байна.  

1994 онд “Мэдээллийн Харилцаа ББХК” нь Монголд анх удаа интернэтийн үйлчилгээг явуулж эхлэв. Энэ нь одоогийн Датаком компанийн эхлэл, Монгол Улс интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байлаа. Энэ үед интернэтэд өдөрт 2 удаа холбогдож и-мэйлийн дамжуулалт хийдэг байв.

1995 оны арванхоёрдугаар сараас газрын станц суурилуулснаар интернэтэд онлайнаар холбогдох боломж бий болсон. Улмаар “Мэдээллийн Харилцаа ББХК” нь “Датаком ХХК” болон өргөжиж, Монголд анх интернэтийг нэвтрүүлэх болон интернэтийн төрөл бүрийн үйлчилгээ хэрэглээг Монголд бий болгох тал дээр маш чухал үүрэг гүйцэтгэв. Тухайн үед АНУ-ын Элчин сайд Монголд нийлүүлж байсан шар тосны орлогоос Монголын хамгийн хүн салбаруудад санхүүгийн зээл, тусламж үзүүлэх сан байгуулсан байв. Энэ сангаас Датаком ХХК 50 мянган ам.долларыг 4.8 хувийн хүүтэйгээр зээлэн авч интернэтийн үйлчилгээнийхээ эхлэлийг тавьсан байдаг.

1996 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсад интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж , Интернэтийн нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч П.Очирбат болон төр засгийн томоохон төлөөлөгчид оролцож байлаа. Энэ үед интернэтэд холбогдсон 10 компьютер дээр Датаком компанийн инженер мэргэжилтнүүд NBA, CNN зэрэг дэлхийд алдартай сайтуудыг нийтэд дэлгэн үзүүлж байлаа. Тухайн үед интернэтийн техник, технологи дөнгөж нэвтэрч байсан тул эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн ид хүйтэнд шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах ч үе байдаг байжээ. Интернэтээ тасалчихгүйн тулд үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулж тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах үе ч байв.

1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд 500 гаруйхан байв. Тэр үед Монгол улсад Интернэт болон компьютерийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байсан хэдий ч Д.Энхбат захирлаар удирдуулсан Датаком ХХК шинэ техник, технологийг маш амжилтай нэвтрүүлж, одоо та бид үүний үр шимийг хүртэн гэртээ компьютертэй, интернэттэй болж, гэрээсээ гаралгүйгээр дэлхий дахины мэдээллийн ертөнцөд аялан суух болсон билээ.

Өнөөдөр Монгол Улсад 59 аж ахуйн нэгж интернэтийн үйлчилгээ эрхэлж, интернэт хэрэглэгчийн тоо 2.1 сая болж, бидний хамгийн чухал хэрэглээ хэдийнээ болжээ.

Share :